"Тагтаа" хэвлэлийн газар P3 радиотой хамтран бэлтгэдэг "Үлдэх үг" подкастын шинэ оны шинэхэн дугаарыг танд хүргэж байна. Шинэ дугаартаа бид Монголынхоо уран зохиолын өв сангаас дээжлэн мөн уран бүтээлчийн дуу хоолойгоор хүргэж буй гэдгийг онцолъё.
Эхний дугаартаа бид Хөвсгөл аймгийн Түнэл сумын уугуул зохиолч, яруу найрагч, шог зураач Гүржавын Нямдорж агсны "Цочоод сэрсэн заяа" хэмээх өгүүллэгийг зохиолч, яруу найрагч Цагаанчулуугийн Дэлгэрмаагийн уншсанаар хүргэж байна.
Наяад оны хүүрнэл зохиолчдын нэгэн тод төлөөлөл Гүржавын Нямдорж агсан амьд ахуйдаа "Авга гүний эрчүүд" өгүүллэгийн түүвэр, "Гүнд цэцэг" яруу найргийн номуудаа хэвлүүлсэн юм. Харин хожим нь түүний яруу найраг, хүүрнэл зохиолын өвүүдээс дээжлэн эмхэтгэсэн "Хориотой нас", "Бэнсэн үлгэрч" номуудыг дотнын найз нь эрхлэн хэвлүүлсэн билээ.
Энд онцлон буй “Цочоод сэрсэн заяа” хэмээх өгүүллэг 1930-аад оны үеийн хүрээний амьдрал, тэр үеийн залуусын хайр сэтгэл, хүсэл мөрөөдөл, нэгэн цагт учравч эгнэгт төөрөлдсөн хувь заяаны тухай сэтгэл шимшрэм өгүүлэхийн хажуугаар уншигч та биднийг эх хэлний далай их өв сангаар аялуулан, цаг хугацаа, орон зайд зорчуулах увдистай бүтээл билээ л.
view more