Энэ дугаарт ШУТИС-ийн Хүмүүнлэгийн тэнхимийн багш, Монгол орныг ойжуулах, байгаль хамгаалах, нөхөн сэргээх, иргэн бүрийн экологийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “My Club”-ийн үүсгэн байгуулагч Д.Сэрдарам оролцлоо. 2006 онд байгуулагдсан цагаасаа хойш “My Club” нь байгалиа гэсэн сэтгэлтэй олон мянган залуусыг нэгтгэж Монгол улсын нийт 13 байршилд ойн зурвас бий болгожээ. Үүний нэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг бөгөөд тэнд залуучуудын тарьж ургуулсан 65,000 ой мод бүхий талбайд элсний карьерийн зөвшөөрөл давхардаж олгогдсон гэсэн үндэслэлээр маргаан үүсэж, шүүхийн шатанд байгаа билээ. Сэрдарам багш бидэнтэй ярилцахдаа дараах чухал зөвлөгөөнүүдийг хүргэлээ: Байгаль хамгаалал нь даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилготой нягт уялдахаас гадна эх орондоо хайртай хүн бүрийн үүрэг мөн. Байгаль экологийн асуудалд түрхэн зуур шуугиад өнгөрөх биш байнга анхаарал тавьж байх ёстой. Монгол орон маань бусад улс оронтой харьцуулахад экологийн эмзэг байдлаараа өндөр, тиймдээ ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд хурцаар нэрвэгдэж буй тул хүн бүрийн оролцоо онц чухал бөгөөд байгалиа хамгаалж ирсэн арвин зан заншил соёлоо дахин сэргээж бодит үйлдлээр бататгах хэрэгтэй. Нэгэнтээ байсан Ойн яам, Залуу байгалчдын станц үгүй болсон ч гэлээ “Миний Клуб” шиг залуучуудын, өөрсдийн хамтын хүчээр бид байгалийн гоо үзэсгэлэнг бий болгож байдаг, экологийн тэнцвэрт байдлыг хадгалдаг ойн нөөцөө нийт газар нутгийн 20-30 хувьд хүртэл ч өсгөн нэмэгдүүлэх боломжтой.
view more