Мэргэн ухааны бэлэг
1 Мэргэн ухаан дуудаагүй гэж үү?
Бодрол дуугаа хадаагаагүй гэж үү?
2 Замын дэргэдэх өндөрлөгийн
оройд ч,
Жимүүдийн бэлчирт ч тэрээр
зогсоно.
3 Гулдан хаалганы дэргэд, хотод
орох газарт,
Хаалгануудын үүдэнд ч тэрээр
чангаар хашхирна.
4 “Хүмүүс ээ, та нарыг би
дуудаж байна.
Дуу хоолой минь хүний хөвгүүдэд
хандана.
5 Гэнэнчүүд ээ, саруул ухааныг
ухагтун,
Мулгуучууд аа, зүрхний ухаарлыг
авагтун.
6 Сонсогтун, учир нь би
сурвалжит зүйлсийг ярина.
Уруулаа нээхэд минь
чигч шударга зүйлс гарна.
7 Учир нь ам минь
үнэнийг өгүүлдэг.
Уруул минь гэм бурууг жигшдэг.
8 Амнаас минь гарах үг бүр зөвт
Аливаа муруйж хазайсан хийгээд
гажсан юм
Тэдгээр дотор огт үгүй.
9 Тэдгээр нь ухаарагч нэгэнд
тов тодорхой бөгөөд
Мэдлэгийг олж авагсдад зөв
зүйтэй юм.
10 Цалин цагаан мөнгийг бус,
сургамжийг минь авагтун,
Шилж авсан алтнаас
мэдлэгийг авсан нь дээр.
11 Мэргэн ухаан нь эрдэнэсээс ч
илүү үнэтэй
Хүсэл татагч бүхэнтэй ч
зүйрлэшгүй билээ.
12 Мэргэн ухаан би хэрсүү ухаантай
хамт оршдог бөгөөд
Мэдлэг, хянамгай чанарыг олдог.
13 ЭЗЭНээс эмээхүй нь
ёрын мууг
үзэн ядах явдал юм.
Бардамнал, ихэмсэг зан,
ёрын муу зам хийгээд гажсан
амыг би жигшдэг.
14 Зөвлөгөө хийгээд саруул ухаан нь
минийх.
Би болбоос ухаарал мөн.
Хүч нь минийх.
15 Хаад надаар хаанчилдаг.
Захирагчид надаар шударга ёсыг
тогтоодог.
16 Захирагчид, язгууртнууд,
Газрыг зөвтөөр шүүдэг бүхэн
надаар захирдаг.
17 Намайг хайрлагсдыг би хайрлана.
Намайг хичээнгүйлэн хайгсад
намайг олно.
18 Баялаг, алдар суу,
үргэлжид байх хөрөнгө ба
зөвт байдал надад бий.
19 Үр жимс минь алтнаас ч,
Шижир алтнаас ч илүү дээр.
Үр ашиг минь цалин цагаан
мөнгөнөөс ч дээр.
20 Би шударга ёсны харгуйгаар,
шударга шүүлтийн жимээр
явдаг нь
21 Намайг хайрлагсдад
эд хөрөнгийг хүртээж
Эрдэнэсийн санг нь
дүүргэхийн тулд юм.
Бүтээл ба мэргэн ухаан
22 Эрт цагийн үйлсээсээ өмнө,
замынхаа эхнээс авахуулан
ЭЗЭН намайг бүтээсэн.
23 Өнө мөнхөөс, газрын цаг
хугацааны эхлэлээс
Би тогтоогдсон байсан.
24 Оёоргүй гүн үгүйд,
оргилох булаг оргүйд
би гарсан юм.
25 Уулс толгодыг босгохын өмнө,
би гарсан юм,
26 Газар дэлхий, тариан талбай хийгээд
Ертөнцийн тоосонцрын дээжийг ч
Тэр бүтээгээгүй байхад,
27 Тэнгэрийг бүтээж,
Оёоргүй гүний гадаргуу дээр
тойрог хязгаарыг сийлж байхад
Би тэнд байсан.
28 Дээр нь огторгуйг тогтоох үед мөн
оёоргүй гүний булгууд бий
болоход,
29 Тушаалыг нь ус зөрчихгүйн тулд
Тэнгист зарлигаа тогтоож байхад,
Газрын суурийг тавихад
Би тэнд байсан юм.
30 Би тэгэхэд хажууд нь урлаач,
Өдрөөс өдөрт бахдал нь байж
Өмнө нь үргэлж баярлаж байсан.
31 Түүний дэлхий ертөнцөд баясаж,
Хүний хөвгүүдээр бахдан байв.
32 Иймээс хөвгүүд минь, намайг
сонсогтун,
Замыг минь сахигсад ерөөлтэй еэ.
33 Сургамжид дуулгавартай байж
ухаантай бологтун,
Тэдгээрийг бүү үл тоомсорло.
34 Дааман хаалганы минь дэргэд
өдөр бүр харуулдан
Үүдний минь хатавчинд хүлээж,
намайг сонсдог хүн ерөөлтэй еэ.
35 Намайг ологч нь
амийг үнэхээр олж,
ЭЗЭНээс тааллыг нь хүртэх атал
36 Надад нүгэл үйлддэг нь
өөрийгөө хорлоно.
Намайг үзэн ядагч бүхэн
үхлийг хайрлагчид болой” гэв.
Create your
podcast in
minutes
It is Free